Энэ хэсэгт зорилго юм уу эсвэл уриа орно
Хайлт:

Цагаандэлийн агуй

Цагаан дэлийн  агуй  нь  Дорноговь аймгийн  Айраг  сумын  нутагт  Их  нартын хадны  зүүн талын  төгсгөлийн  цав толгодын  дунд  Айраг  сумын  төвөөс  баруун тийш  30 гаруй  км  зайд оршино. х.ө.45°.37'.31,9" з.у.109°.06. '25,4"  газарзүйн солибцолд оршино. Цагаан дэлийн агуй нь  1968 онд хайлуур жонш  авч байсан 27-р сувагт  дэлбэрэлт хийх  үед доргилтоор  нурж нээгджээ. Анх орсон  хүмүүс агуй дотор  ус  мөс,  бүтнээрээ  шахам  байсан  нохой шиг толгойтой том амьтан, өөр  бусад  амьтны  яс маш их  байсныг  олж  үзээд   ШУА - д  захиа бичиж  судлан  үзэхийг хүсэж  байжээ. Агуйн  хоёр  ам  далайн түвшнээс  дээш 1140 м  өндөрт  хайлуур  жонш авч  ашиглаж  байсан  150 гаруй урт , 16.5м  гүн  сувгийн ёроолд  зүүн хойш харсан  байрлалтай юм. Нэгдэх ам нь  сувгийн урьд  үзүүрээс  98.8  м  оршино.  Агуйн  ам  зуувандуу хэлбэртэй,  6 х 3 метрийн хэмжээтэй  юм. Агуйн  хоёрдахь  ам  сувгийн хойд  үзүүрээс  15.1 м  зайд орших ба хавчиг зууван  хэлбэртэй  1.2 х 1.8  м  урт хэмжээтэй юм.  Хоёр амын хоорондын  зай  39.3  м  юм.  Энэ  агуйн  морфометрийн  хэмжилт  план зүсэлтийг  анх удаа 1989 оны  5  сарын 1 нд   хийж  агуйн   хэсгүүдийн  уртыг  тодорхойлжээ. 1991 оны 6  сарын 10 нд  морфометрийн  нарийвчилсан  хэмжилт хийж  агуйн зүсэлт, агуйн урт, дундаж  өргөн, өндөр,  талбай  эзэлхүүнийг  тодорхойлж бичил уур амьсгалын судалгааг хийжээ.

Цагаан дэлийн  агуй хоорондоо холбоотой  2 том танхим,  үндсэн  4 гол хонгилоос  бүрэлдэнэ. Агуйн нийт урт 1 км гаруй, хонгилын  дундаж  өргөн 5.9 м, дундаж  өндөр 9.5 м юм.  Хонгилын  хамгийн өргөн хэсэг  5,2м , нарийн  хэсэг нь  50 см,  хамгийн өндөр хэсэг нь  22,0 м, нам цэг нь 45 см юм.     Агуйн   нийт  талбай   53077 м 2,  эзэлхүүн  43643 ,0 куб метр юм.

 

(Авирмэд Э.“Монгол орны агуй” 2008.УБ. номноос)

МОНГОЛЫН АГУЙ СУДЛАЛЫН ХОЛБОО
copyright(c) 2017
Хөгжүүлэгч: ANDROMEDA