Энэ хэсэгт зорилго юм уу эсвэл уриа орно
Хайлт:

Гурван Зээрдийн агуй

Гурван  Зээрдийн  агуй нь  Өмнөговь аймгийн  Ханбогд  сумын  нутагт  Монгол  улс, БНХАУ-ын хилээс  арав  гаруй км–т Гурван Зээрдийн овооны ар бэлд 1150 метр өндөрт оршино. Агуй нь  уулынхаа төгсөх  үзүүрийн баруун  хойд талд  байрлана. Агуйгаас баруун тийш тачирхан өвс ургамалтай тэгш шал  хоолой  үргэлжилнэ.  Агуйн  баруун  хойд  талд  нэг  км  орчим зайд 1100 м  өндөртэй цайвар шаргал өнгөтэй сонин  тогтоцтой  зэрэгцээ  гурван  үлдэгдэл  уул  бий. Агуйн нэр  эдгээр уултай ч  холбоотой  байж  болох  юм.

Гурван Зээрдийн агуй нь цайвар саарал  өнгийн шохойн чулуунд үүссэн  карстын  агуй  юм. Агуйн  амны  өргөн  0.9 м,  өндөр  нь  2.0 м юм. Агуйн  нийт  гүн  нь  21 м  бөгөөд  агуйн  амаар  ороод  5.8  м  эгц  доошоо  бууж  2.5 х 6.8 метр хэмжээтэй эхний хүнхэр бүхий мөргөцөгт буугаад түүнээсээ доош  дахин  5м  эгц  доош бууж  их  танхимд  орно. Эндээс  40° налуугаар уруудаж 6 м  яваад агуйн хана, адраас тасран унасан том  чулуун нурангитай хэсэгт хүрнэ. Агуй нь ёроолдоо уужим 45.1 х 24.5 м   хэмжээтэй зууван хэлбэртэй болж уужрах ба цаашаа олон салаа салбаргүй юм. Агуйн том заалны өндөр 20 орчим метр хүрнэ. Агуйд ганц нэгээрээ хамгаалалтгүй орох, орсон хүн агуйг үзэж сонирхоход нэн хүндрэлтэй  болжээ.  Эндээс нэг ширхэг бүтэн  бана, 3 ширхэг  баныг  хугалан  авсан  суурь  олдсон нь  манай  орны агуйнуудаас олдсон бануудын дотроос  хамгийн эртнийх  нь  юм.

 

(Авирмэд Э.“Монгол орны агуй” 2008.УБ. номноос)  

МОНГОЛЫН АГУЙ СУДЛАЛЫН ХОЛБОО
copyright(c) 2024
Хөгжүүлэгч: ANDROMEDA