Энэ хэсэгт зорилго юм уу эсвэл уриа орно
Хайлт:

Ловончомбын агуй

Энэ  агуй  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Агуйт  уулын баруун үзүүрийн төгсгөлд бий.  Агуйт уул нь  баруунаасаа зүүн тийш сунаж тогтсон 1278 м өндөртэй говийн нам уул юм. Энэ уул бүхэлдээ гантигжсан цайвар өнгийн шохойн чулуунаас тогтсон бөгөөд  уулын чулуулаг нь маш их сүвэрхээ  элэгдэл  эвдрэл  ихтэй  юм. Агуйт  уулын  зүүн  урд  талын  бэлд   Агуйтын хийд  гэж том хийд байжээ. Энэ хийдийн  буурь, Агуйт уулын орчныг үзэж сонирхоход хүн ихтэй, том хийд байсныг  гэрчлэх  ажээ. Агуйт уул том  жижиг  олон  агуйтай  бөгөөд эдгээрийг засаж  тохижуулж  янз бүрийн зорилгоор ашиглаж байжээ. Эдгээрийн дотроос  хамгийн том нь хийдийн тууриас  хойд зүгт 1000 орчим метр зайд орших  нутгийн  ард  түмэн  Ловончомбын агуй гэж нэрлэдэг агуй юм. Энэ агуй хийдийн хойд хамар даваад ороход зүүн тийш харсан том хадан цохионы  ёроолд  далайн  түвшнээс   дээш 1170 метрт зүүн тийшээ харсан 1.3 х 1.0 м  хэмжээтэй  нэг амтай. Агуйн аман дээр томоохон сүм байсан ба түүний  хана  суурийн  үлдэгдэл  хагас  дутуу үлджээ. Сүмийг барихын тулд 15 х 10 м  талбайг 2 м гаруй  өндөр  чулуун суурь  өрж  тэгшлэн  талбай гарган  сүм  агуй хоёрыг шууд  холбож  барьсан  байжээ. 

Агуйн  нийт  урт  49.9 м , хонгилын дундаж  өргөн  7.6 м, дундаж  өндөр 3.5 м, хамгийн өргөн хэсэг нь 18.5 м, нарийн хэсэг нь 4.0 м, хамгийн өндөр хэсэг  нь  5.4 м,  нам  цэг  нь  0.7 м  юм.  Агуйн  нийт талбай 379.3 ам дөрвөлжин метр, нийт эзэлхүүн 1308.5 шоо метр юм. Уг агуй чулуун нүүрс-пермийн галавын үеийн настай карбонатлаг чулуунд үүссэн карстын гаралтай  хэвтээ  агуй  юм. Агуй үүссэн үндсэн чулуулаг  нь  цагаан өнгөтэй гантигжсан  шохойн  чулуу юм.  Агуй  дотор тунамал  хурдаснаас  өөр төрлийн  хурдас  байхгүй. Энэ   агуйд халиан  бүрэлдэл  үүсээгүй,  хана  дээвэртээ  талст бүрэлдэлтэй.       Агуй  үндсэн  хоёр том хонгилтой. Баруун зүгт  салаалсан том  хонгил нь  32.0 м урт, 17.5 м  өргөн, 2.5 м дундаж өндөртэй юм. Хойд зүгт салаалсан багавтар салаа нь амнаасаа цааш 2.5 м яваад гол хонгилоосоо салаална. Энэ  хонгил  21.5 м  урт, 3.2 м  өргөн, 5 м орчим дундаж өндөртэй.Агуй дотроо цэвэрхэн, хана тааз нь ан цав, элэгдэл эвдрэл багатай, дээвэр ханандаа исланд жонш, кальцитын жижиг талст ургасан харьцангуй  чийг  багатай  агуй юм.

 

(Авирмэд Э.“Монгол орны агуй” 2008.УБ. номноос)  

МОНГОЛЫН АГУЙ СУДЛАЛЫН ХОЛБОО
copyright(c) 2017
Хөгжүүлэгч: ANDROMEDA