Энэ хэсэгт зорилго юм уу эсвэл уриа орно
Хайлт:

Танилцуулга

Монголын агуй судлалын холбоо 2007-01-27 нд байгуулагдсан. 2007 оноос эхлэн Олон улсын агуй судлалын холбоотой хамтран ажиллаж байна. Монголын агуй судлаачид 2007 онд Италийн Ла Вента холбооны агуй судлаачидтай хамтран  Хэнтийн нуруунд, 2008 онд Франц, Шведийн агуй судлаачидтай Говь-Алтай, Хангайн нуруунд, 2009 онд Япон, Солонгосын агуй судлаачидтай Хөвсгөлийн уулст, 2010 оноос Англи, ОХУ-ын агуй судлаачидтай Монголын говьд, 2011 онд Оксфордын Их Сургуультай хамтран Хэрлэнгийн савд агуйн судалгаа хийж байна.  2010-2011 онд Сүхбаатар аймаг Талын агуйн судалгааг санхүүжүүлж Талын агуйн  иж бүрэн судалгаа хийлгэж Талын агуйг хамгаалах, тохижуулах арга хэмжээг авч байна.

Монгол орны агуйг судлах ажил 1930 оноос эхэлжээ.  А.Д. Симуков 1930 онд  Гурван Зээрдийн агуйд судалгаа хийж   агуйн гарал үүсэл, морфометр, морфологийн зарим нэг тодорхойлолт, агуйн доторх олдворуудын талаар бичин үлдээжээ.

Газарзүйч О.Намнандорж  1951 онд  Хойд Цэнхэрийн агуйг судалж агуйн ханан дээрх сүг зургуудыг анх илрүүлэн зургийг нь хэвлүүлсэн нь монгол орны агуйг дэлхий дахинд алдаршуулжээ.

1986 онд Э.Авирмэд, П.Цолмон  нар агуйг судлах, аялах  аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг боловсруулж, агуйн спортын зэрэг цолын нормыг боловсруулж батлуулсан нь агуйн судалгааг хөгжүүлэх нэгэн хөшүүрэг болсон юм. 

Ур амьсгалын мөчлөгийн судалгааны ажлын далимд агуйн анхны судалгааг 1987 онд Сөөгтийн агуйг (72.5 м гүн)  судалж  Б.Авирмэд, Э.Авирмэд, Д. Даш О.Сүхбаатар, Д.Энхбаяр  нар оролцож  эрдэм шинжилгээний тайлан бичжээ.                                                               

1989 онд агуй судлалын  хоёрдахь экспидецийг цөлжилтийн судалгааны ажлын далимд Дундговь, Дорноговь, Өмнөговь  аймгийн  агуйнуудад, 1990 онд  гуравдахь экспедицийг Байгалийн голомтот өвчний судалгааны далимд  нэг сарын хугацаанд  Өвөрхангай, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Булган  аймгийн  агуйнуудад, 1991 онд  дөрөвдэх судалгаа Цагаан Дэлийн агуйд хийжээ.

1996 онд  зургаадахь экспедицийг “Газар холдинг” компани ивээн тэтгэж  Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуйд, 1997 онд долоодахь экспедицийг  “Газар Трейд” компани ивээн тэтгэж Даяндээрхийн  агуйд,      1998 онд наймдахь экспедицийг  “Газар Трейд” компани ивээн тэтгэж  Сүхбаатар  аймгийн Дарьганга, Наран, Онгон суманд явуулж  галт уулын  гаралтай Талын агуй, Баяндулааны агуйг  судалжээ.

1988 - 1998 онуудад  Хэнтий (Сөөгтийн), Сүхбаатар (Талын агуй, Баяндулааны агуй), Дорноговь  ( Цагаан дэл, Шар ханан,  Хэцүү тээг),  Дундговь  ( Их, Бага газрын чулуу, Хэвтээ  Босоогийн  агуй), зэрэг 16 аймгийн  100 гаруй агуйн судалгааг хийж 50 гаруй агуйг паспортжуулж  эрдэм шинжилгээний  тайлан бичсэн байна.

1998 оноос 2007 хүртэл агуйн судалгааны ажил тасарчээ.

Монгол орны агуйн талаар бичсэн “Монгол орны агуй” (2009), “Талын агуй” (2011), “Агуйн хурдас ”(2012),   нэгэн сэдэвт бүтээл, “Агуй”(1986), товхимол, олон арван  эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын хуралд тавьсан илтгэл хэвлэгдэн гарсан байна. 

МОНГОЛЫН АГУЙ СУДЛАЛЫН ХОЛБОО
copyright(c) 2024
Хөгжүүлэгч: ANDROMEDA